“UB Comedy”-гийн залуус ЭЭЖ, ЭМЭЭ нарыг доромжилсныхоо төлөө УУЧЛАЛТ гуйх ёстой

Posted by   on


Өөрсдийгөө “UB Comedy” хамтлагийнхан гэж нэрлэдэг Батаа, Амраа, Хану, Идэрээ, Хар Төөгөө гэсэн хэсэг залуу байна. Тайзан дээр гарч элдэв онигоо, өөртөө болон бусдад тохиолдсон хөгтэй явдал ярьж хүнийг инээлгэх гэж ядахдаа завхай зайдан, бүдүүлэг үгс байнга чулуудах юм.
Бидний сайн мэдэх “Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаар дээр ийм нийтлэл гарч уншигчдыг цочроов.
Ярьж байгаа юм нь ихэвчлэн бэлхүүснээс доош сэдэвтэй. Дориухан толгойтой, сэхээтэн хүн тэдний ярьж буйг сонсвол инээхийн оронд ус цацаж уурламаар.
“Монгол HD” телевизээр шинэ жилийн үеэр тус хамтлагийн залуус бараг хоёр цагийн турш өнөөх ярьдаг онигоо сэлтээ ярилаа. Тэрийгээ шинэ жилийн тусгай дугаар гэж байгаа. “UB Comedy”-гийн залуус ээлж ээлжээр гарч ирж олон нийтийн мэдээллийн хэрэгслээр ярьж боломгүй гудамжны бүдүүлэг үгсээр хачирлан онигоогоо хүч оруулан ярих агаад түүнд нь тэнд цугласан үзэгчид нэгэн дуугаар инээлдэх. Хип хоп дуучин Rokit Bay буюу О.Баярсайхан, “Киви” хамтлагийн дуучин Ука буюу Д.Уламбаяр, Ц.Намуун, “Uni­verse best songs” нэвтрүүлгээс төрөн гарсан дуучид, шилдэг загвар өмсөгчид, жүжигчид гээд манай урлаг уран сайхны салбарт овоо дориухан яваа залуус үзэгчдийн суудалд суусан ч тэр бохир онигоо ч гэх юм уу, доромж ч гэх юм уу учир нь мэдэгдэхгүй юм ярих тоолонд амаа ангайлган чанга дуугаар инээлдэх нь нэн сонин.


Тэгтэл тайзан дээр жүжигчин, хөтлөгч Г.Анхбаяр гарч ирээд аминдаа маазарч байгаа бололтой, юм ярилаа. Тэрээр “Та нар яаж сексдэнэ. Яг л тийм эмээ нар болно шүү. Ийм эмээ нарыг харахаар л залуудаа ийм байрлалаар хийдэг байсан нь харагддаг байхгүй юу” гээд өвдгөө хагас нугалаад бөгтийхдөө өгзгөө оцойлгов. Тэгснээ “Хэрвээ ийм эмээ нар явж байх юм бол” гээд бас л бөгтийж хоёр хөлөө майжийлгангаа хөлөө чирэн урагш алхаад “Ийм байвал ойлгомжтой. Зүгээр дээшээ харж байсан байж таараа. Тэгэхээр хамгийн гоё байрлалаар сексдэж хамгийн гоё байрлалаар хөгшрөөрэй гэж хэлмээр байна” гэж ярив.
Энэ чинь одоо хэнийг доромжлоод гутаагаад байгаа юм. Өсч яваа жүжигчин, гайгүй хэдэн нэвтрүүлэг хөтлөөд эхлэхээр хэнийг ч доромжилж болдог хэрэг үү. Бохир заваан юмаа ярьж инээлдэхдээ Монголын ээж, эмээ нарыг ингэж орон даяар доромжлох эрхийг хэн тэр залууст өгсөн юм бэ.
Насаараа үр хүүхдээ өсгөж өндийлгөх гэж, нормын ажлын ард гарах гэж залуу халуун насаа золин байж зүтгэсэн социализмын үеийн бүсгүйчүүл, хөдөө хөхөрч гадаа ганддаг, малын захад л хамаг насаа барсан малчин ЭЭЖҮҮД минь л байна, чиний яриад шоолоод байгаа тэр эмээ нар чинь. Биеэ хайрлахгүй улс эх орон, үр хүүхэд, ач зээ нарынхаа төлөө атгын чинээ болтлоо жижгэрсэн ээжүүд л байна, чиний доромжлоод байгаа хүмүүс чинь. Өвлийн жавар, хаврын хавсарга, хүйтэн бороонд даарч, амьдралын түмэн нугачааг бүсгүйн зөөлөн нуруун дээрээ үүрч ирсэндээ л тэд маань бөгтийж, хөл нь өвдөж, өвдөг нь шархирдаг болсон дог. Г.Анхбаяр аа, “UB Comedy”-гийн залуус аа, та нар яагаад насыг нь, сэтгэлийг нь хүндэлж болсонгүй вэ, Монголын ээж, эмээ нарын. Айл гэрийн хамгийн нандин хүн бол эмээ нар байдаг юм. Ач, зээ, үр хүүхдүүдийн чинь хамгийн хайртай хүн нь ЭМЭЭ нь гэдгийг та нар хэдхэн жилийн дараа харах болно.
Та нарыг шинэ жилийн баярын үдэш тэр нэвтрүүлгээ орон даяар цацахад хэдэн эмээ үзэж сэтгэл нь өвдөж гомдсон бол. Хойч үе нь өөрсдийг нь доромжлоод инээлдэж байхыг хараад хэдэн эмээ нулимсаа үр хүүхдээсээ нуун байж мойнийсон эвий гараараа арчсан бол оо. Эмээ нар гэдэг чинь амьд архив, үндэсний өв соёлыг тээгчид, гэр бүлийн хамгийн халуун сэтгэлтэй, зөөлхөн аальтай, хүн бүхний хайртай гишүүн нь байдаг юм шүү. Ийм эрхэм хүмүүсийг адгийн муухайгаар доромжлоход өөрийн эрхгүй гол харлаад явчихаж байгаа юм.
Монголын урлагийн салбарт түүчээлж байгаа гэж сайшаагддаг дуучид, уран бүтээлчид эмээ нарыг хөтлөгч нь тайзан дээрээс ийн доромжлоход нирхийтэл инээж алгаа таших нь юутай эмгэнэл вэ. Алтан тайз гэж та нарын адис авдаг ариун “сүм”-ээс чинь хэн нэгэн хүн ээж, эмээ нарыг чинь доромжлоод зогсоход та нарт тийм инээдтэй байсан уу. “UB comedy” болон тэр хөтлөгч залууд Монголын ээж, эмээ нарыг доромжилсных нь төлөө хариуцлага хүлээлгэх хэрэгтэй. Дахин тайзанд гарахгүй, телевизийн нэвтрүүлэгт орохгүй байх шаардлага тавьж, торгууль ногдуулах ёстой. Үүнд ээжтэй, эмээтэй, эхнэртэй, охинтой бүхэн нэгдэж гутаагдсан нэр хүндийг нь сэргээе л дээ. Ёс зүйгүй байсных нь төлөө, Монголын ээж, эмээ нарыг гутааж гомдоосных нь төлөө тэдэнд хариуцлага тооцож урлагийн салбараас хөөхөд ч багадна.
Монгол эрчүүд,
…Өөрөөсөө намхан ээждээ үнсүүлэхдээ
Таныхаа хайрыг даахгүй гэж шимширдэг гэж дуулдаг байтал та нар ээж, эмээ нарыг хөлний майга, нурууны бөгтрөөр нь доромжлохдоо хормой хотны бусармаг яриандаа хутгасан нь уучилж боломгүй ёс зүйн алдаа болсон шүү. Ийм ёс зүйгүй залуусыг урлагийн салбарт улам томорч, тайзанд шигдэхээс нь өмнө бага дээр нь холдуулчихсан ч гарзгүй.

No comments:
Write comments
Join Our Newsletter